
2024 оны 7-р сарын 4
Капитрон банк мэдээллийн аюулгүй байдлын ISO/IEC 27001:2022 олон улсын шинэчлэгдсэн стандартыг нэвтрүүллээ
Капитрон банк нь мэдээллийн аюулгүй байдлын менежментийн тогтолцооны (МАБМТ) олон улсын шинэчлэгдсэн ISO 27001:2022 стандартыг нэвтрүүлж, Бүгд Найрамдах Энэтхэг Улсын SIS Certification байгууллагаас сертификатаа хүлээн авлаа.
Сертификат гардуулах арга хэмжээнд Капитрон банкны Гүйцэтгэх захирлын тэргүүн орлогч Б.Чандмань, Мэдээллийн технологийн газрын захирал А.Атарсайхан, зөвлөх үйлчилгээ үзүүлсэн байгууллага болох “Инфосек Интелиженс” ХХК Гүйцэтгэх захирал С.Баярмагнай, стандартын баталгаажуулалтын аудитын үйлчилгээ үзүүлсэн “Дижитал Информэйшн” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Б.Баясгалан нар болон Капитрон банкны хамт олон оролцлоо.
Мэдээллийн аюулгүй байдлын олон улсын ISO/IEC 27001:2022 стандартыг нэвтрүүлсэн нь банкны үйл ажиллагааны аюулгүй байдлыг хангах, харилцагчдын банканд итгэх итгэлийг нэмэгдүүлэх, бизнесийн тогтвортой байдлыг хангах зэрэг олон талын ач холбогдолтой юм.
Капитрон банкны Мэдээллийн аюулгүй байдлын хэлтсийн Ахлах менежер Б.Ган-Эрдэнэ: “Өнөөдөр жил гаруйн хугацаанд үргэлжилсэн Мэдээллийн аюулгүй байдлын олон улсын ISO/IEC 27001:2022 стандарт нэвтрүүлэх төслөө амжилттай дуусгаж, сертификатаа хүлээн авч байгаадаа баяртай байна. Банкны салбартаа ISO/IEC27001:2022 стандартыг банкны арын албаны газар, нэгжүүддээ нэвтрүүлсэн анхдагч байгууллагуудын нэг боллоо. Төслийг амжилттай хэрэгжүүлэхэд гар бие оролцсон нийт ажилтнууд, төслийн багийнхан болон зөвлөхүүддээ баярлалаа. Бид цаашид банкны салбар, нэгжүүдэд мөн энэхүү стандартаа үе шаттай хэрэгжүүлэхээр төлөвлөж байна” хэмээн онцоллоо.